Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт сэргээн засах тасгийн хөдөлгөөн засалчаар ажиллаж буй Фүжий Шинготой ярилцлаа. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүсэлт гаргасны дагуу Японы “Жайка” Олон улсын байгууллагын сайн дурын ажилтнаар 2023 оны 8 сард 2 жилийн хугацаатай томилогдон ирээд ажиллаж байгаа юм.
-Өөрийгөө товч танилцуулаач
Сайн байцгаана уу. Намайг Фүжий Шинго гэдэг. Япон Улсаас сайн дурын ажилтнаар 2023 оны 7 сард ирээд 8 дугаар сараас Багануур дүүргийн эмнэлэгт ажиллаж байна. Урьд нь Японд мэргэжлээрээ 5 жил ажилласан. Урьд нь гадаадад явж байхад 1 гадаад хүн надад их тус болсон юм. Тэгээд гадаадын хүмүүсийн төлөө ямар нэг юм хиймээр санагдсан. Монгол Улс Япон улстай ойр дотно харилцаатай байдаг болохоор Монголд ажиллах хүсэлт гаргасан. Миний хувьд “Жайка” олон улсын байгууллагын сайн дурын гишүүний хувиар ажиллаж байгаа анхны орон Монгол Улс болж байна.
-Монголд ирээд хэдэн сар өнгөрлөө ямар санагдаж байна?
Их хүйтэн байна /инээв/. Байгаль, хүмүүс нь их таалагдаж байгаа. Ирээд удаагүй болохоор хөдөө явж үзээгүй л байна. Зун болохоор хөдөө явж үзэхийг их хүсэж байгаа.
-Монголд ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач?
Монголд ажиллаж байгаадаа их баяртай байгаа. Миний анзаарснаар Монголд жингийн илүүдэлтэй хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Үүнээсээ үүдээд төрөл бүрийн өвчин тэр дундаа нурууны өвчтэй хүмүүс их үйлчлүүлдэг. Японд өндөр настай болсон ч жиндээ их анхаардаг. Бас манай улсад өндөр настнууд нь ихэвчлэн ямар нэг асрамжийн байгууллагад очдог бол Монголд гэр бүлийнхэн нь асарч халамжилдаг нь их таалагдаж байгаа.
Ярилцсанд баярлалаа