Дэлхийн нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах, ундны усыг хайрлах, ариг гамтай хэрэглэх, хамгаалах ач холбогдолтой юм.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлснээр 1993 оны 3 сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ. Энэхүү өдрийг манай улс 2005 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ жил олон улсад “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба энх тайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхий дээрх нийт усны 3% нь цэвэр буюу хүн, амьтны унданд тохиромжтой байдаг байна. Үүний талаас илүү хувь нь мөс хэлбэрээр байдаг. Тэгэхээр дэлхий дээрх усны нөөцийн дөнгөж нэгхэн хувийг л ундны ус болгон ашиглах боломжтой гэсэн үг юм. Ундны ус ихээр бохирдож, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цэнгэг усны нөөц болсон мөнх цас, мөс хайлж байгаа мөн манай улс усны дахин ашиглалтын менежмент тааруу үед өнөөдрийн таны хэмнэж байгаа 1 литр ус 20 жилийн дараа төрөх хүүхдийн ундны ус юм шүү гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Амьдрал тэтгэгч усаа хайрлая.