Бидний цус бидний санах ой болон бодох үйл явцын талаар юу хэлж чадах вэ?
Бидний судсаар урсах улаан шингэн эрдэмтдийн анх төсөөлж байснаас бидний тархины үйл ажиллагааны талаар илүү их мэдээллийг агуулдаг.Гурван жилийн хугацаанд хийсэн судлаачдын судалгааны үр дүнгээр цусны АВ бүлэгтэй хувь хүмүүс нь цусны О бүлэгтэй хүмүүсээс санах ойн өвчлөлд хоёр дахин илүү өртөх магадлалтай байсан нь тогтоогджээ. Гэхдээ цусны бүлгээс илүү оюуны хомсдолд нөлөөлдөг бусад хүчин зүйлсийн талаар судлаач нар онцлон тэмдэглэж байна.
Анагаах ухааны Вермонтын их сургуулийн доктор, судлаач Мариа Кушман BBC-д “Бидний судалгаагаар цусны бүлэг нь танин мэдэх үйл ажиллагааны бууралтанд нөлөөлж байна, гэхдээ хэд хэдэн судалгаагаар бусад хүчин зүйлүүд болох цусны даралт ихсэх, холестерины түвшин өндөр байх, чихрийн шижин зэрэг нь оюун ухааны хомсдол болон танин мэдэх үйл ажиллагаа буурах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг харуулж байна” гэж мэдээлжээ.
“Цусны бүлэг нь цус харвалт гэх мэт өөр бусад судасны эмгэгтэй холбоотой, тиймээс тархины хэвийн байдал болон судасны өвчин хоорондоо холбоотой болохыг харуулж байна. Эдгээр үр дүнг баталгаажуулахын тулд нарийвчлан судлах хэрэгтэй байна. “
Судалгаанд шүүмжлэлт сэтгэлгээ, сэргээн санах эсвэл танин мэдэхүйн үйл ажиллагааны бусад асуудалтай 495 оролцогч, танин мэдэхүйн үйл ажиллагааны асуудалгүй 587 оролцогчийг харьцуулан судалсан.
Өмнөх судалгаануудад, AB цусны бүлэгтэй өвчтөнүүдэд цус бүлэгнэлтийн VIII хүчин зүйлийн хэмжээ их байдгаас цус бүлэгнэлт болон цусны судсанд хэвийн бус нөлөөтэйг тогтоосон. Уг нөхцөл байдал нь цус бүлэгнэлт болон цус алдалтын үед давуу талтай ч цусны бүлэн амархан үүссэнээр зүрхний шигдээс, цус харвалт бусад венийн бөглөрлүүдэд хүргэж болох юм. Мөн түүчнлэн уг цусны бүлэгтэй хүмүүс тамхидалт болон сэргээн санах, сэтгэн бодох үйл ажиллагааны чадварыг бууруулдаг бусад буруу дадлаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
“Цусны АВ бүлэгтэй хүмүүс энэхүү судалгааны үр дүнгийн талаар хэтэрхий санаа зовох хэрэггүй. Учир нь хоорондын холбоо хамаарлын хүч харьцангуй сул байсан тул цаашид сайтар судлах ёстой” гэж Кушман хэлжээ. Уг судалгаагаар цусны сахар болон даралтыг хянах, эрүүл хоолны дэглэм, тамхи татахгүй байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэрэг эрүүл амьдралын хэв маягийг дэмжих ёстойг харуулж байна.
Эх сурвалж:
Alexander KS, Zakai NA, Gillett S, McClure LA, Wadley V, Cushman M, et al. ABO blood type, factor VIII, and incident cognitive impairment in the REGARDS cohort. Neurology. 2014