Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 гаруй жил зүрх судасны өвчин , хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчлөлийн хэмжээ нэмэгдэж үүнийг дагаад нас баралтын шалтгааны 77%-ийг халдварт бус өвчин эзэлж, нас баралтын 3 тохиолдлын 1 нь зүрх судасны өвчний шалтгаантай байна гэсэн судалгаа гарсан байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас нөөц багатай улс орнуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд үзүүлэх халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах тусламж үйлчилгээний багц / PEN/-ыг боловсруулж энэхүү багцад нийцүүлэн зүрх судасны өвчин, тэдгээрийн хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилготой HEARTS техникийн багцыг боловсруулсан байна.
Анх 2019 онд энэхүү төсөл нь “МОНПЭН загвар” төсөл болон хэрэгжиж эхэлснээс хойш хэрэгжсэн газруудад халдварт бус өвчлөл болон түүнээс үүдэлтэй нас баралтын тоо буурсан амжилттай үзүүлэлт гарчээ. Иймд ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, УГТЭ-ийн хамтарсан “МОНПЭН санаачлага” төслийн баг 2023 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 8 аймаг, нийслэлийн 2 дүүргийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрөөс Багануур дүүрэгт эхлүүлж байна.
Энэ ажлын хүрээнд сургалт зохион байгуулагч нар болон дүүргийн ЭМТөвийн эмч нар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй уулзаж уг төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага, ААН-үүдийг уриалж, идэвхижүүлж манлайлж ажиллах мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, амжилттай хэрэгжүүлэх багийг бүрдүүлж ажиллуулахад шаардлагатай зүйлсийн тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр оролцсон эмч нарын зүгээс хяналтанд байдаггүй иргэд, өсвөр насныхан болон 18 наснаас дээш насны залуус, шинж тэмдэг бага илэрдэг хүн ам рүү илүү чиглэж ажиллах хэрэгтэй байгааг онцлон хэлсэн юм.
“МОНПЭН загвар” төслийн багийн мэргэжил арга зүйн сургалт 3 хоног үргэлжилнэ.