10 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо НЭМГ-аас зохион байгуулсан “Сайн туршлага 2023” арга хэмжээнд Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал номинацид Багануур дүүргийн Сувилахуйн алба “Сувилахуйн албаны бүтэц, шинэчлэл” бүтээлээр тэргүүн байр эзэлсэн юм.
Энэхүү бүтээлийн талаар Багануур дүүргийн ЭМТөвийн Сувилахуй эрхэлсэн орлогч дарга Баясгалангийн Нарангэрэлтэй ярилцлаа.
- Юуны өмнө энэхүү томоохон арга хэмжээнээс тэргүүн байрын шагнал хүртсэнд танай албаны хамт олонд баяр хүргэе. Бүтээлийнхээ талаар товч танилцуулаач
- Баярлалаа.Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сувилахуй бол манай байгууллагын төдийгүй эрүүл мэндийн салбарын хамгийн том мэргэжлийн бүлэг. Байгууллагын 50%-ийг сувилагч, тусгай мэргэжилтэн, туслах сувилагч бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй дэлхий нийтэд сувилагч, тусгай мэргэжилтэнүүд маань мэргэжлээрээ ажиллах нь цөөрч хүний нөөцийн дутагдал эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болоод байгаа. Үүсч буй нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор 2021 оны 10 сард Багануур Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар Сувилахуйн албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн зохион байгуулсан. Энэхүү бүтэц зохион байгуулалт нь олон эерэг үр дүнгүүдийг авчирч байгаа учир бусаддаа хуваалцан түнгээн дэлгэрүүлж, танилцуулах зорилгоор оролцоод тэргүүн байранд орсондоо тун их баяртай байна.
-
- Тэгвэл сувилахуйн албаны бүтцээ танилцуулаач
- Манай Сувилахуйн алба анх 2003 оны 10 сарын 15-нд Сувилахуйн албаны дарга, арга зүйч, тасгийн ахлах сувилагч нар гэсэн бүтэцтэйгээр байгуулагдсан. 2021 оны 10 сард бүтцээ шинэчилэн Сувилахуйн албаны дарга 1, ахлах арга зүйч 2, арга зүйч 7 нийт 132 сувилагч тусгай мэргэжилтэн туслах сувилагчтай дүүргийн 30 мянга гаруй, ойрын сумдын хүн ам гээд нийтдээ 50 мянга гаруй иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд 2023 оны 01 сарын 01-нээс Сувилахуй эрхэлсэн орлогчтой болсон.
-
- Бүтэцийн шинэчлэл хийсний давуу тал нь юу байна.
- Хуучин бүтцээр тасаг бүр ахлах сувилагчтай байхад зөвхөн тасгийн хүрээнд асуудлыг хардаг байсан бол шинэ бүтцээр тасгийн ахлах сувилагч гэсэн орон тоог цомхтгож, арга зүйч нарын чиг үүрэгт оруулж өгснөөр асуудлыг эмнэлгийн хэмжээнд, өргөн хүрээнд харж хяналт үнэлгээг хийн, хүний нөөцийн хуваарилалт, ажил ачааллыг тэнцвэржүүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтнийг хөрвүүлэн ажиллуулах, тасаг бүрийн онцлогийг мэдэж авч өөрийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх олон давуу талтай.
Манай хамгийн том шинэчлэл ЭМТ-ийн удирдлагын зөвлөлийн шийдвэрээр 2023 оны 1 сарын 1-ээс эхлэн Сувилахуйн албаны даргыг Сувилахуй эрхэлсэн орлогч дарга болгон Эмнэлзүй эрхэлсэн орлогчийн түвшинд ажиллуулж анхлан хэрэгжүүлж эхэлсэн нь сувилахуйн хөгжлийг шинэ түвшинд гаргаж Сувилахуйн шинжлэх ухаан бие даасан салбар гэдгийг харуулж байгаагийн жишээ юм болов уу гэж ойлгож байгаа. Эцэст нь хэлэхэд энэхүү хүндтэй шагнал нь Багануур Эрүүл мэндийн төвийн эд эс нь болон ажиллаж байгаа нийт сувилагч, тусгай мэргэжилтэн, туслах сувилагч та бүхний шагнал юм шүү. Мөн Сувилахуйн албыг дэмжиж хамтран ажилладаг Эрүүл мэндийн төвийн Удирдлагын зөвлөл, тасаг албадууддаа маш их баярлалаа.
- Ярилцсанд баярлалаа.