Улирал солигдож, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Томуу томуу төст өвчнөөс хамгаалж эцэг эхчүүд юун дээр анхаарвал зохистой талаар Багануур ЭМТөвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч С.Оюунтунгалагтай ярилцлаа.
- Хичээл сургууль цуглаж, хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томуу нэмэгддэг. Урьдчилан сэргийлэх арга юу байна?
Юуны өмнө уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Ханиад хүргэхгүй байя гэвэл хамгийн түрүүнд хийх зүйл нь эцэг эхчүүд болон асран хамгаалагчдын зүгээс зөв хоололт, асаргаа сувилгаа байдаг. Цаг агаарт нь тааруулж хувцаслах, эрт унтуулж нойрыг нь бүтэн байлгах, хүүхдийн нас насны онцлогт таарсан амин дэмээр баялаг хоол хүнс идүүлэх,ахуйн ариун болон гарын ариун цэврийг тогтмол сайн сахих, өглөө оройд болон хоол идэхийн өмнө гарыг нь угаалгах,ариутгах, хоолойг нь содатай усаар зайлуулах, маск зүүлгэх зэрэг нь томууг бууруулахад ихээхэн нөлөөлдөг хүчин зүйлс болдог.
- Намрын улиралд бага зэрэг дааруулахад өвөлдөө өлчир ханиад томуу тусах нь бага байдаг гэж ярьдаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?
Хүүхдийг хэт бэгнэх хэрэггүй. Бэгнэхгүй байна гээд ханиад томуу эхэлж байгаа энэ үед нимгэн хувцасласны улмаас хүүхэд доороосоо даарч нус нь гоожиж, ханиад хүрэх явдал тохиолддог. Мөн хүүхэд өндөр халуураагүй, ямар нэг хүндрэл өгөөгүй тохиолдолд ханиадны шинж тэмдэг дөнгөж эхлэнгүүт нь эмээр шууд дарах гэж оролдох хэрэггүй гэж зөвлөх байна. Шингэн нус гоожиж, нулимс нь цийлэгнэж, ханиадны анхны шинж тэмдэг эхэлж байх үед нь эм уулгана гэхээсээ илүү халуун бүлээн шингэн зүйлс, аньс чацаргана,аарц зэрэг амин дэм, илчлэг сайтай ундыг ойр ойрхон сайн уулгаж, дулаан хувцаслан, гэрт байлгаж асаргаагаа сайн хийвэл хүүхэд заавал эм уулгах шаадлагагүйгээр эдгэдэг. Хэрвээ эм өгөх гэж байгаа бол заавал эмчид үзүүлж тохирох эмийг тунгийн дагуу эмчийн заавраар зохистойгоор уулгах хэрэгтэй. Түүнээс ам дамжсан байдлаар энэ эм сайн байна гэсэн хэн нэгний яриагаар дур мэдэн эм өгөх, тэртусмаа антибиотик уулгаж огт болохгүй.
- Хүүхдийнхээ дархлаа дэмжих зорилгоор төрөл бүрийн витаминууд уулгах тохиолдол элбэг байдаг. Энэ хэр зохистой байдаг бол?
Ер нь бол хүүхэд өөрөө өвөрмөц дархлаатай байдаг. Тийм болохоор хүүхдэд удаан хугацаагаар витамин уулгах нь зохисгүй. Би бол өвдсөн тохиолдолд 7- 10 хоног, их удаан уулгалаа гэхэд сарын хугацаанд л тохирсон витаминыг уулгахыг зөвөлдөг. Д витаминыг ч гэсэн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэж байж заасан тунгаар нь уулгах хэрэгтэй. Д витамин ихдэх нь багадахаасаа илүү хор хөнөөлтэй байдаг.
Ярилцсанд баярлалаа.