Электрон микроскопоор авсан Зика вирусийн дижитал өнгөт зураг. Зурагт хөх өнгө нь вирусийг илтгэнэ.
Одоогийн байдлаар Зика вирусийн тархалт нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа чухал асуудлын нэг болоод байна. Учир нь нийт 2.2 тэрбум гаруй хүн Зика вирусийн халдвар авах эрсдэлд байгаа бөгөөд халдвар авсан жирэмсэн эхээс микроцефали (хатангиршсан тархитай) болон бусад мэдрэл сөнөрлийн шинж тэмдэгтэй хүүхэд төрдөг талаарх мэдээлэл ихээр гарах боллоо.
Эдгээр шинж тэмдэг болон Зика вирус хоорондын хамаарлын талаарх шууд бус нотлох баримтууд дээр үндэслэн энэ оны 4 сард Америкийн Нэгдсэн Улсын Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төвөөс уг мэдээллүүд нь хангалттай лавлагаа болно хэмээн мэдэгдсэн. Дөнгөж саяхан Nature сэтгүүлд Бразилаас илэрсэн Зика вирусийн омог төрөлхийн мэдрэлийн эмгэг үүсгэж буйг ямар ч эргэлзээгүйгээр, туршилтаар баталлаа.
Бразил улс нь ерөнхийдөө Зика вирусийн халдварын төв болсон бөгөөд одоогийн байдлаар 1.5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, доод тал нь мянга гаруй микроцефалитай хүүхэд төрсөн талаар мэдээлсэн. Бразилаас илэрсэн Зика вирусын ZIKVBR омог нь хулгана дээр хийгдсэн судалгаанд ихсээр дамжин халдварлаж, тархи болон төв мэдрэлийн системийг гэмтээх чадамжтай нь тогтоогдлоо. Мөн түүнчлэн хүний тархины бүтцийг дуурайлгаж хийсэн, хүний мэдрэлийн эсүүдээс тогтсон “mini-brain” судалгааны загварыг ашиглаж ZIKVBR омог нь хүнд ч гэсэн халдварлах чадамжтайг баталлаа.
Сан Диего хот дах Калифорниагийн их сургуулийн нейробиологийн тэнхимийн туслах профессор Alysson Muotri хэлэхдээ Зика вирус болон микрофефали өвчний хоорондын хамаарлыг өмнө нь аль хэдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурдсан. Гэхдээ уг судалгаанд Зика вирус нь төрөлхийн өвчин эмгэг үүсгэх чадамжтайг анх удаа туршилтаар баталлаа. Төрөлхийн өвчин эмгэг үүсгэхэд Зика вирус дангаараа хангалттай хүчин зүйл болно, бусад хүчин зүйл энэхүү нөлөөг бууруулах болон ихэсгэх боломжтой хэдий ч вирус өөрөө өвчин үүсгэх хангалттай хүчин зүйл юм” хэмээв.
Өмнө нь тархи нь үлэмж хэмжээгээр агшсан, микроцефали өвчтэй хүүхдийн тархины эдэд Зика вирусыг илрүүлсэн. Гэсэн хэдий ч вирус тархинд гэмтэл үүсгэдэг эсэх болон вирус тархинд эсийн гэмтэл үүсгэлгүйгээр оршдог эсэх тал дээр судлаачид бүрэн хариулт өгч чадахгүй байлаа. Харин олон улсын эрдэмтдийн багын хамтарсан судалгаагаар Зика вирус нь мэдрэлийн эсийг үхэлд хүргэх хорон чанартайг харууллаа.
Судлаачид эхлээд Бразилийн зүүн хойд бүс нутаг дахь өвчтөнөөс ялган авсан ZIKVBR омгийг хоёр өөр үүлдрийн жирэмсэн хулгануудад халдварлуулсан. Гөлчгийнүүдийг төрсний дараа судлахад SJL үүлдрийн хулганын гөлчгийнүүдийг эрүүл бүлэгтэй харьцуулахад микроцефали, нийт биеийн жингийн бууралт зэрэг шинж тэмдэг илэрхий ажиглагдаж байлаа.
Харин генийн шинжилгээгээр тархины эдэд ZIKVBR омог их хэмжээгээр илэрсэн нь вирус мэдрэлийн эсийг илүүтэй чиглэх шинжтэйг харууллаа. Мөн түүнчлэн мэдрэлийн эсүүдийг судлах явцад эсийн бөөм тасархайтах үзэгдэл ажиглагдаж буй нь уг эсүүдэд эсийн үхлийн процесс явагдаж буйг илтгэж байлаа.
Сонирхолтой нь C57BL/6 үүлдрийн хулгануудад дээрх шинж тэмдэг илрээгүй бөгөөд судлаачид энэхүү үр дүнг уг үүлдрийн хулганын вирусийн эсрэг өндөр идэвхтэй дархлаа чанартай холбон тайлбарлаж байна.
Мөн түүнчлэн “mini-brain” судалгааны загварт Африк болон Бразилаас илэрсэн Зика вирусийн омгийг ашиглан халдварлуулахад, мэдрэлийн эс болон үүдэл эсэд вирусүүд нэвтэрч, эсийн агшилт, деформаци хийгээд үхлийг өдөөдөг нь ажиглагдсан байна
Эх сурвалж:
http://www.nature.com/nature/journal/vnfv/ncurrent/full/nature18296.html