Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 10 сартайгаас 8 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил Багануур дүүрэгт ӨЭМТ болон НЭМТөвийн дархлаажуулалтын кабинетаар үргэлжлэн явагдаж байна. Энэ талаар ЭМТөвийн ХХА-ны дарга, халдвар судлагч О.Очмаагаас тодрууллаа.
– 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийн дунд Улаанбурхан, улаанууд өвчний дархлаажуулалтын вакцин орон даяар явагдаж байна. Одоогийн байдлаар манай дүүргийн хамрагдах ёстой хүүхдүүдийн хэдэн хувь нь вакцинжуулалтандаа хамрагдаад байна вэ?
– Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. ЭМ сайдын 2023 оны 5 сарын 26–ны өдрийн А/188 тушаалаар Улаанбурхан, улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалтыг МУ-ын хэмжээнд зохион байгуулагдаж эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын хамрагдалт 41 хувьтай явагдаж байгаа бол манай дүүргийн хэмжээнд 46 хувьтай байна. Энэхүү дархлаажуулалтанд 10 сартайгаас 8 насны хүүхдүүд хамрагдана. Хамгийн идэвхитэй хамрагдаж байгаа нь цэцэрлэгийн буюу 2-5 насны хүүхдүүд байгаа бол цэцэрлэгийн өмнөх нас, сургуулийн насныханы хамрагдалт нь харьцангуй бага байна. Дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг аль болох дархлаажуулалтанд бүрэн хамруулахыг хичээж байна. Сургууль цэцэрлэгээр явуулын цэгүүд ажиллаж байх тухайн үеэр ямар нэгэн шалтгааны улмаас сургууль цэцэрлэгтээ ирж чадаагүйгээс вакциндаа хамрагдаж амжаагүй хүүхдүүд өрхийн эмнэлгүүд болон НЭМТөвийн дархлаажуулалтын кабинетад хандаж хийлгэнэ.
– Зарим эцэг эх, асран хамгаалагчид энэхүү вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэдэг вакцин гэж ойлгоод байх шиг байна?
– Дархлаажуулалтын вакцин нь товлолт, сайн дурын, тархвар судлал, нэмэлт дархлаажуулалт гэсэн байдлаар хийгддэг. Ер нь бол хүүхдэд 9 сартайгаас 2 нас хүртэл товлолын дагуу вакцин хийгддэг. Харин халдварт өвчний нэмэлт дархлаажуулалт тодорхой хугацаанд тодорхой давтамжтайгаар зохион байгуулагддаг. Энэ удаагийн улаанбурхан улаанууд өвчний эсрэг дархлаажуулалт нь тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа нэмэлт вакцин учир сонгогдсон насны бүх хүүхдүүдээ Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцинд нь эцэг эх, асран хамгаалагч, багш нар заавал хамруулах шаардлагатай. Сайн дураар хийгдэх вакцин биш гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга бол вакцин байдаг. Улаанбурхан нь хүндрэл болоод нас баралт өндөртэй халдварт өвчин. Манай улсын хил залгаа 2 улсад уг өвчин нь бүртгэгдээд байгаа ба Улаанбурхан өвчин гарах эрсдэл өндөртэй байгаа учраас энэ өвчнөөс сэргийлэхийн тулд хүүхдүүдээ дархлаажуулалтанд хоцроохгүй хамруулах нь чухал байна. Мөн вакцин хийлгэх өдөр нь дулаан хувцаслаж, хоол цайг нь сайн идүүлж ирэхээс гадна вакцин хийлгэсний дараа юуг анхаарах, ямар нэгэн урвал гарвал харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хэрхэн мэдэгдэх гэхчилэн тухайн үед нь мэргэжлийн эмчийн өгч байгаа заавар зөвлөмжийг сонсож, хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг нэмж хэлье.
Ярилцсанд баярлалаа.