Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан/ KOFIH/ төслийн мэргэжилтнүүд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-д 2023 оны 09 сарын 20-ны өдөр ажиллалаа.
Уг байгууллага нь эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах болон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 2019 оноос эхлэн манай улсад 2 үе шаттай төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2 дахь үе нь 2024 онд өндөрлөх юм.
3 дах шатны төслийг хэрэгжүүлэх орчин нөхцлийг судлах зорилгоор алслагдсан дүүрэг болох Багануур дүүргийг сонгон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анхан шатны тусламж үйлчилгээтэй биечлэн танилцлаа.
Багануур дүүрэг нь Нийгмийн эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг талаар ЭМТөвийн дарга Д.Шинэбаяр онцлоод энэ салбарыг хөгжүүлэхэд санхүүжилтээс эхлээд олон хүндрэлүүд тулгардаг ч урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгааг хийх тал дээр өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан ажиллаж байгаагаа онцоллоо.