Эрдэмтэд анх удаа митохондри агуулаагүй эукароит бүтэцтэй амьд биетийг илрүүллээ.
Уг зурагт chinchilla хэмээх өмнөд америк тивд амьдардаг нэгэн зүйлийн мэрэгч амьтны гэдэснээс олдсон бичил биетнийг харуулав. Зургийг Dr. Naoji Yubuki.Одоог хүртэл хүн бүр эукариот (эс дотроо мембран бүтэцтэй эрхтэнцрүүд агуулдаг амь биеийн нэгэн хэлбэр) амьд биетүүд митохондри агуулдаг гэж үзсээр ирсэн. “Эрчим хүчний эх үүсвэр” хэмээн нэрлэдэг, уг жижиг эрхтэнцэр нь амьд бие махбодыг энергиэр хангах үүрэгтэй, амин чухал хэсэг гэж үздэг билээ. Гэхдээ эрдэмтэд анх удаа митохондри агуулаагүй эукариот амьд биетийг нээсэн нь митохондри амьд биед зайлшгүй байх шаардлагатай юу? гэсэн асуултыг бидэнд тавилаа.
Giardia intestinalis зэрэг бичил биетнүүдийг өмнө нь митохондри агуулаагүй анхны эукариот амьд бие гэж үзэж байсан болов ч дараагийн судалгаануудаар илрүүлэхэд хэцүү, энгийн, жижиг бүтэцтэй митохондри агуулдаг болох нь тогтоогдсон. Харин өмнөд америк тивд амьдардаг нэгэн зүйл мэрэгч амьтны гэдэснээс авсан дээж дахь Monocercomonoides бичил биетний геномд митохондритой холбоотой ямар ч ген илрээгүй байна.
Current Biology сэтгүүлд шинэхэн үр дүнгээ хэвлүүлээд буй, уг судалгааны багын гишүүн Anna Karnkowska судалгааны ажлынхаа талаар “Хүчил төрөгч багатай орчинд эукариот амьд биеийн эсүүд дэх митохондрийн тоо ихэвчлэн буурдаг. Гэсэн хэдий ч үлдсэн цөөн митохондрийн үйл ажиллагаа нь амьд биет оршин тогтноход зайлшгүй шаардлагатай гэж үздэг байлаа…Бид ямар ч митохондри агуулаагүй эукориат биетийг шинээр тодорхойллоо” хэмээв.
Хоол боловсруулах замын орчин нь хүчил төрөгч бага агуулдаг тул гэдсэнд амьдардаг ихэнх бичил биетнүүдэд митохондрийн тоо харьцангуй цөөн байдаг. Судлаачдын үзэж буйгаар уг орчинд хүчил төрөгчийн хүрэлцээ хэдий бага болов ч шим тэжээлт бодис хангалттай байдаг тул Monocercomonoides-д митохондри шаардлагагүй байж болох юм. Өөрөөр тайлбарлавал уг бичил биетэн хүрээлэн буй орчноос өөрт хэрэгтэй шим тэжээлт бодисыг тодорхой энзимүүдийн тусламжтайгаар задалж, амьдралд шаардлагатай энерги үүсгэхийн оронд тэдгээр шим тэжээлд бодисуудыг шууд хэрэглэдэг байж болох юм.
Гэхдээ митохондри нь эсийн энергийн эх сурвалж болохоос гадна уургийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай төмөр болон хүхрийн ионыг үүсгэх үүрэгтэй. Энэхүү хэрэгцээгээ хангахын тулд Monocercomonoides бичил биетэн магадгүй бусад бактериудаас тодорхой генийг өөртөө нэгдүүлж, ашигладаг гэж судлаачид тайлбарлаж байна.
Цаашид судалгааны үр дүнг батлахын тулд дахин сайтар шалгах хэрэгтэй нь зүйтэй. Хэрвээ уг онол нь гарцаагүй батлагдах эсвэл уг бичил биетэнтэй адил өөр олон төлөөлөгчдийг нээн илрүүлэх аваас бид биологийн номыг дахин бичих шаардлагатай болж магадгүй. Эцэст нь судлаач Karnkowska мөн “Энэхүү гайхалтай амьд биет нь эсийн биологийн сурах бичгийн аль нэг нэр томьёонд орохоос татгалзсан амьд биетийн нэгэн жишээ бөгөөд бид энэ төрлийн олон эукориот бичил биетнүүд одоо ч судлагдахаа хүлээн, биднээс чанд оршин байна гэдэгт итгэж байна” хэмээв.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу!
Karnkowska et al.: “A Eukaryote without a Mitochondrial Organelle” Current Biology, http://www.cell.com/current-…/fulltext/S0960-9822(16)30263-9 , DOI: 10.1016/j.cub.2016.03.053