Дурангийн мэс засал:
Дурангийн мэс засал нь хэвлийд жижиг зүслэг хийж хэвлийд нүүрстөрөгчийн хийгээр хийлж дуранг хэвлийд оруулж дурангийн тусламжтай хэвлийн болон нөхөн үржихүйн эрхтнүүдийг шууд харж онош тодруулах болон эмчилгээ хийх боломжтой.
Дурангийн мэс заслын заалтууд:
- Гуурсан хоолой боох
- Умайн зангилаат үүсгэвэр
- Үргүйдэл
- Өндгөвчний уйланхай
- Умай, өндгөвч, үрийн хоолойн бүтцийн өөрчлөлтүүд
- Эндометриосис
- Бага аарцгийн хөндийн наалдацууд
- Хэвлийн архаг өвдөлтүүд
- Умайн гаднах жирэмсэн
- Үрийн хоолой өндгөвчний наалдацууд
- Хэвлийн наалдац г.м
Дурангийн мэс заслын ач холбогдол:
Дурангийн мэс засал хэвлийн мэс засалтай харьцуулахад олон давуу талтай юм. Мэс заслын эдгэрэлт түргэн, мэс заслын дараах өвдөлт бага, эмнэлэгийн ор хоног цөөн, жижиг зүслэг нь гоо зүйн ач холбогдолтой байдаг.
Мэс заслын явц:
Дурангийн мэс заслын мэдээ алдуулалтыг ерөнхий мэдээ алдуулалттай хийдэг.
Мэдээ алдуулалт хийсний дараа хэвлийд жижиг зүслэг хийж хэвлийг нүүрстөрөгчийн хийгээр хийлнэ. Хэвлийг хийлсэнээр хэвлийн эрхтнүүд тод сайн харагддаг байна. Хэвлийд 3,4 ширхэг жижиг зүслэг хийж дурангийн мэс заслын багажууд болон дуранг хэвлийд оруулна. Умайд чиглүүлэгч байрлуулж мэс заслын явцад умайг хөдөлгөж өгнө. Мэс заслын явцыг дэлгэцэн дээр харж хянаж хийдэг. Мэс заслын явцад зураг авах болон бичлэг хийж болно. Мэс заслын багажууд нь хайч, хавчуур багаж, үдээс, түлэгч багаж, угаах соруулах багажуудыг хэрэглэдэг. Мэс заслын дараа багажуудыг авч хийг гадагшлуулан зүслэг хийсэн хэсэгт оёдол тавина.
Гарч болох эрсдэл болон хүндрэл:
Мэс заслын явцад цус алдах, унтуулгын эмэнд харшлах, ойролцоох эрхтнүүд гэмтэж болно. Мэс заслын явцад хамгийн их гэмтэж болох эрхтэн нь хэвлийн өмнөд хананд байх судас болон гэдэс, шээс дамжуулах суваг гэмтэж болно.
Эдгээр эрсдэл гарсан тохиолдолд хэвлийн мэс засалд шилжнэ. Мөн мэс заслын дараа халдвар үүсэх эрсдэлтэй.
Мэс заслын дараа гарч болох эмнэлзүйн шинжүүд:
Бөөлжих, хэвлийд зүслэг хийсэн хэсэгт өвдөх, ерөнхий унтуулгын үед цагаан мөгөөрсөн хоолойд гуурс хийдэгтэй холбоотой хоолойн хэсэгт өвдөх, мөрний өвдөлт гэх мэт шинжүүд илэрч болно.
Эдгэрэлт:
Дурангийн мэс засал нь богино хугацаанд эргэж сэргэдэгээрээ хэвлийн мэс заслаас давуу байдаг. Хэдхэн хоногийн дараа та эргэж хэвийн байдалдаа орно.
Эх сурвалж: