Дэлхийн улс орнууд хөгжихийн хэрээр хүн амын дунд халдварт бус өвчин, тэр дундаа хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан эндэгдэл ихсэж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байна.
Дэлхийн эрүүл мэндийн салбар цөөн хэдэн хавдрын шалтгааныг тодорхой болгож, бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар бөгөөд манай орны эмэгтэйчүүдийн дунд хамгийн ихээр зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын нэг юм.
Жил бүрийн нэгдүгээр сарыг дэлхий нийтээрээ Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох, мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулах сар болгон тэмдэглэдэг.
Дэлхий дахинд жил бүр 350,000 гаруй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна.

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын авчлөл болон нас баралт эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2 дугаарт, нийт хавдрын шинэ тохиолдлын 4 дүгээрт, нас баралтын 5 дугаарт орж байна.
Хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцин хийлгэж, эрт илрүүлэгт хамрагдаж, 30 наснаас эхлэн 3 гурван жилийн зайтай эсийн шинжилгээгээ тогтмол өгснөөр умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.



