Уушигны хатгаа өвчин гэж юу вэ?
Вирус, нян, харшил төрүүлэгчид зэрэг янз бүрийн шалтгааны улмаас хүүхдийн уушигны эд цочмог гэмтдэг үрэвсэлт өвчин юм.
Хатгалгааны үед ямар шинжүүд илрэх вэ?
- Хүүхэд уцаартай, тайван бус уйлагнах
- Хамар битүүрэх, нус гоожих
- Хөх, хоолондоо дургуйцэх
- 38 хэмээс дээш халуурах
- Зовиуртай ханиалгах
- Амьсгаадах
- Цээж хонхолзох
- Арьс цонхийж цайх
- Хамар уруул орчмоор хөхрөх
- Биеийн байдал муудах
Та юу анхаарах ёстой вэ?
Таны хүүхэд дээрхи шинжүүдээс илэрсэн тохиолдолд:
- Шингэн ердийнхөөс илүү, бага багаар уулгах
- Хөхөө удаан, сайн хөхүүлэх
- Хүүхдийг хэт бэгнэх буюу дааруулахгүй байх
- Эмчийн зааваргүйгээр дур мэдэн эм хэрэглэхгүй байх
- Өрхийн эмчдээ үзүүлэн эмчийн зааврын дагуу эмчлэх
Хатгаа өвчин эдгэрдэг үү?
Хүүхдийн дархлаа тогтолцооны үйл ажиллагаа хэвийн, өвчлөмтгий бус, халамж асаргаа сайтай, суурь эмгэггүй хүүхдийг цаг алдалгүй эмчийн заавраар зөв эмчилбэл хурдан, төгс эмчлэгдэнэ.
Хүүхдийг гэрээр эмчлэгдэж байгаа тохиолдолд:
Хатгалгаа өвчин бүрэн эдгэрэхээс гадна хөнгөн хэлбэрийн үед өрхийн эмчийн хяналтанд гэрээр эмчлэх боломжтой. Гэрээр эмчлэгдэж байгаа тохиолдолд та дараах зүйлүүдийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай.
- Хүүхдийн амин дэм, эрдэс, илчлэгээр баялаг хоолоор хооллох
- Агаарт гаргах буюу гэр, өрөөний агаарыг сайжруулах
- Гэр болон өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх
- Эмчийн зөвлөсөн эмийг тун хэмжээ, цагийн хуваарийн дагуу зөв уух
- Хүүхдийг сайн амрааж тайван байлгах
- Биеийн байдлыг тогтмол хянах
- Хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх
Хэзээ эргэж эмчид яаралтай хандах вэ?
Хүүхдийг гэрээр эмчилж байгаа үед биеийн байдлыг тогтмол сайн хянаж, эмчилгээ үр дүн багатай, хүүхдийн биеийн байдал сайжрахгүй тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй. Та доорхи шинжүүдээс илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандаарай.
- Хүүхдийн биеийн байдал дордвол
- Амьсгалахад саадтай болбол
- Хөхрөлт нэмэгдэх
- Хөхөө хөхөх буюу уухдаа муудвал
- Халуун намдахгүй байх
Эмчийн зааврын дагуу хүүхдээ эмчилж эрүүл, чийрэг өсгөж байгаа танд баярлалаа. Монголын үрс маш олон болтугай
Багануур дүүргийн Эрүүл Мэндийн Төв Сургалтын алба