Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв – “Нүд, чих хамар хоолойн мэс засал эмчилгээ” бүтээл шалгарлаа. Баг хамт олонд халуун баяр хүргэе Нийслэлийн 382 жилийн ойг угтан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2021” арга хэмжээг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачилгыг дэмжих хүрээнд тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй билээ. 2021 оны “Сайн туршлага” арга хэмжээг 2 үе шаттай буюу анхан шатны шалгаруулалтыг эрүүл мэндийн байгууллагууд тасаг, нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд зохион байгуулж нийт 350 гаруй бүтээл оролцсон юм. Хоёрдугаар шатны арга хэмжээнд эрүүл мэндийн байгууллагаас ирсэн 188 бүтээлээс нийт 6 номинаци, шилдэг 30 сайн туршлагыг биет болон цахим хэлбэрээр шалгарууллаа. “Сайн туршлага-2021 “арга хэмжээ нь Монгол Улсад коронавируст (Ковид-19) халдварын цар тахлын үед зохион байгуулагдаж буй хэдий ч эрүүл мэндийн байгууллагын оролцоо идэвхи сайн байсан төдийгүй бүтээлийн чанар чансаа жилээс жилд нэмэгдэж байгааг шүүгч нар онцлон тэмдэглэсэн юм. Эмч, эмнэлгийн ажилтнууд цаг наргүй ажиллаж байгаа энэ цаг үед шинэ технологи нэвтрүүлэх, шинэ санал санаачлага гарган хэрэгжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сэтгэл зүтгэлээ зориулж байгаагийн тод илрэл нь энэхүү арга хэмжээ болж байна. Тус арга хэмжээ нь тухайн жилдээ үргэлжилж, сайн туршлагаар шалгарсан шинэ технологи болон тусламж үйлчилгээний арга аргачлал нь эрүүл мэндийн байгуулагуудын үйл ажиллагаанд тасралтгүй хэрэгжих юм.