✅ Урин дулааны улиралд аялал зугаалга болон хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг. Мөн гудамж талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдвар нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог байна.
✅ Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана.
✅ Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирус) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирус нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэ.
🔸 ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ АРГУУД:
👉 1. Хамгийн энгийн арга бол гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг гарын ариун цэвэр сахиснаар 50% хүртэл бууруулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
👉 2. Бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, мах, сүү, ногоо, жимснээс халдвар дамжиж болох бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.
🔹 Иймд хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх, гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар доорх зөвлөмжийг өгч байна.
🔸 ХООЛ ХҮНСИЙГ ХУДАЛДАЖ АВАХДАА СОНГОЛТЫГ ЗӨВ ХИЙХ:
👉 • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах, лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
👉 • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
🔸 ГЭРИЙН НӨХЦӨЛД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАДГАЛАЛТАНД АНХААРАХ:
👉 • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
👉 • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх
👉 • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос дээшгүй цаг хадгалах.
👉 • Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах.
🔸 ХООЛ ХҮНСИЙГ БЭЛТГЭХ , ХЭРЭГЛЭХ ЗӨВ ДАДАЛ ЭЗЭМШИХ:
👉 • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
👉 • Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх
👉 • Усыг буцалгаж уух
👉 • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших (ялангуяа мах, ногоог хэрчих вандан мод тусдаа байх)
👉 • Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх.