НҮБ-ийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Монгол улсад айлчлан өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирж, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхсан билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Ковид цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний талаар Багануур дүүрэг туршлага болохуйц үр дүнд хүрсэн гэж үзэн манай дүүргийг сонгон авсан байна.
Тэгвэл өнөөдөр Багануур дүүрэгт хүрэлцэн ирж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв, 4, 5-р хорооны Энх өрх ӨЭМТ, Багануур ХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, дүүргийн онцгой комиссоос эрүүл мэнд, эдийн засгийн талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар, ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр эмчилгээ, оношилгоо, үйлчилгээ, цар тахлын оргил үед авч хэрэгжүүлсэн эмнэлгийн хариу арга хэмжээ, Энх-Өрх ӨЭМТ-ийн ахлах эмч Х.Өнөржаргал анхан шатны үйлчилгээний нөхцөл байдлыг танилцуулж, уурхайн удирдлагууд болон эмч нар “Эрүүл уурхайчин” хөтөлбөр, эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт авсан юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны ГХХ-ийн дарга Б.Янжмаа, мэргэжилтэн Б.Оргил, ЭМЯ-ны УСХЗХ-ийн дарга Б.Бямбатогтох, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, ДЭМБ-ийн НДББ-ийн газрын дарга др.Хуонг Тран, мэргэжилтэн Анна Вадхваны, Иоши Шимизү, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга др.Сергей, тус газрын мэргэжилтэн Ф.Моника, П.Анузаяа, С.Болормаа, Б.Алтанзагас, Б.Бат-Эрдэнэ, дүүргийн ЭМТ-ийн орлогч дарга Г.Одонтуул нар оролцлоо.