Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2019”арга хэмжээг 2019-10-11ний өдөр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 42 байгууллагын 272 бүтээл оролцсон.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 2019 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн тэргүүн туршлагаа хуваалцаж, хэрхэн хэрэгжүүлсэн арга аргачлалаа дэлгэн үзүүлж буй “Сайн туршлага 2019” арга хэмжээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон харьяа эмнэлгийн удирдлагууд оролцож эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүтээлч ажлуудтай танилцлаа.
Тус арга хэмжээг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагууд мэдлэг туршлага солилцож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдсэнээр иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тус арга хэмжээнээс шалгарсан сайн туршлагыг эмхэтгэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан товхимол хэвлүүлэх юм байна.
Манай байгууллага “Сайн туршлага-2019” арга хэмжээнд идэвхитэй оролцож дараах шагналуудыг авлаа. Үүнд:
1. “Сайн туршлага-2018” арга хэмжээний үеэр олонд танилцуулсан шинэ бүтээл, дэвшилтэт технологи, тусламж, үйлчилгээний аргачлалаас өөрсдийн оношилгоо, эмчилгээ, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн нутагшуулж, түгээн дэлгэрүүлсэн 13 бүтээлээр амжилттай оролцож “ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ” /200000 төгрөг/
Мөн “Сайн туршлага-2019” арга хэмжээнд 49 бүтээлээр амжилттай оролцож дараах шагналаар шагнагдсан. Үүнд:
2. Гэмтлийн 14 төрлийн мэс заслын эмчилгээ /Мэс засал, эмэгтэйчүүдийн тасаг/ – Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологиор Тэргүүн байр эзэлж “ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ” /400000 төгрөг/
3. Ахуй заслын өрөө /Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасаг/ – Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах, аюулгүй байдлыг шийдвэрлэн ажилласан бүтээлээр Дэд байр эзэлж “ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ” /300000 төгрөг/
4. Цэвэрлэгээ үйлчилгээний тэргэнцэр /Аж ахуй үйлчилгээний тасаг/ – Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологиор шалгарч “ГЭРЧИЛГЭЭ” авлаа.